Тухайлбал, 50 сая тоннын нөөцтэй Биндэрьягийн голын магнезитийн, 200-300 тонн нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн, 80 гаруй сая тоннын нөөцтэй Зээгт, Хүрэн гол, Хөв булаг, Цахиурт, Мааньтын нүүрсний ордууд одоогоор нээгдээд байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар алтай нутагт нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефтийн чамгүй хэмжээний нөөц бий гэх.
Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр олборлох, Чандманийн Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайнуудын олборлолтыг эрс нэмэгдүүлэн баруун бүсийнхний хэрэгцээг хангах, хил залгаа улс орнууд руу экспортлох боломжтой аж.
Түүнчлэн Жаргалан, Дэлгэр сум дахь Цахиур, Хөв булгийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулж ажиллуулах, бага оврын цахилгаан станцуудын түлшинд зориулан нүүрсийг хийжүүлэх, коксжуулах төлөвлөгөө боловсруулжээ. Талын мэлтэсийн алтны ордыг ашиглах, Дэлгэр суманд ураны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тайшир суман дахь цементийн түүхий эдийг түшиглэн жилд 50-100 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр байгуулан өөрийн болон хөрш зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангавал төрөлх нутаг нь богино хугацаанд хөгжинө гэж Говь-Алтай аймгийнхан үзэж байна.
Тайшир сумын хром, магнезитын ордыг түшиглэн галд тэсвэртэй барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, Тонхил сумын гялтгануурын орд газрыг ашиглах, Тайшир, Есөнбулаг, Баян-Уул, Шарга, Бигэр, Эрдэнэ сумдын шаврын орд газруудыг түшиглэн тоосгоны үйлдвэр байгуулж хөрш зэргэлдээ аймгуудын зах зээлд нийлүүлэх, эрдсийн түүхий эдийн боловсруулалтын төвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гээд ашиглаж л чадвал олон боломж, хөгжлийн гарцууд энэ нутагт бий.
