1899 онд Сантьяго хотоос хойд зүгт 1240, Антофагаста боомт хотоос зүүн хойд зүгт 215 км-ийн зайд Атакамын цөлд зэсийн арвин нөөц илэрсэн нь өнөөгийн Чукуикаматагийн уурхай байв.
90 жилийн эрчимтэй ашиглалтын түүхэндээ 850 метрийн гүнд хүрсэн энэ уурхай гүнээрээ АНУ-ын Юта мужийн Бингхэм Каньон уурхайн дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Нөөц нь тогтоогдсон зэсийн хамгийн том ордын зэрэгцээ дэлхийд хамгийн их зэс үйлдвэрлэдэг уурхай бол Чукуикамата гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тухайлбал, 2007 онд энэ уурхайгаас 29 сая тонн зэсийн хүдэр олборложээ.
Дэлхийд нөөцөөрөө төдийгүй хамрах хүрээгээрээ ч энэ уурхай алдартай. Ил уурхай нь 4.3 км урт, 3 км өргөн, 900 метр гүн бөгөөд жилд 855 мянган тонн зэс хайлуулах болон электролитийн үйлдвэр нь ч бас дэлхийд томоохонд тооцогдоно.
Чилийн нийт зэсийн дөрөвний нэгийг Чукуикамата дангаараа үйлдвэрлэдэг аж.
Өдгөө 6500 уурхайчин Чукуикаматагийн уурхайн ажлыг үүрч, жилд 600 мянган тонн зэс, 14 мянган тонн молибден үйлдвэрлэж байна. Нэгэн сонирхолтой баримт дурдахад, Чукуикаматад өнөө хүртэл 35 сая тонн цэвэр зэс үйлдвэрлэжээ.